Мэдээлэл үзэх

Шинэ Яармаг хүүхдийн хөлбөмбөгийн клубээс зохион байгуулсан тэмцээнд хүүхдийн шилдэг клуб, багууд оролцов.

images

Монголын хүүхдийн спортын их наадмыг угтаж, "Шинэ Яармаг" хүүхдийн хөлбөмбөгийн клубээс зохион байгуулсан тэмцээнд хүүхдийн шилдэг клуб, багууд оролцов.

Тэмцээнд 10 байгууллага, клубын 23 багийн 350 гаруй тамирчид оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгосон юм. Энэхүү тэмцээнийг “Шинэ Яармаг” клубын үйл ажиллагааг сурталчлах, хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээний тоог нэмэгдүүлэх зорилгоор тус клубыг үүсгэн байгуулагч Н.Нэргүйн нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулах юм байна. Тэмцээнд Монголын хүүхдийн хөлбөмбөгийн лиг, УАШТ, Дуулиан 2020 тэмцээний эхний байрын төлөө өрсөлддөг шилдэг багууд өрсөлдсөн нь тэмцээнийг улам сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй болгосон юм. Хамгийн холоос Төв аймгийн “Төв ургац” баг оролцож, хэсгээс шалгарахад тун ойрхон амжилт үзүүлжээ.

Тэмцээний хөвгүүдийн 13 насны ангилалд нийт 8 баг өрсөлдөж, С.Самдан ахлагчтай “Мазаалай 52” клубын баг тэргүүлж, Б.Мөнхжаргал ахлагчтай Баянзүрх дүүрэг, Э.Алтангэрэл ахлагчтай “Арвис” клуб удаалсан байна.

Хөвгүүдийн 11 насны ангилалд А.Мэнд-Амар ахлагчтай “Арвис” клуб цомын эзнээр тодорч, мөнгө, хүрэл медалийн эздээр Баянзүрх дүүрэг, “Хүчит чулуут ДМЮ” клубын багууд шалгарчээ.

Тэмцээний охидын 15 насны ангилалд 5 баг тойргийн журмаар өрсөлдснөөс Б.Маналжав ахлагчтай “Хан-Уул 41” баг тэргүүлж цомын эзнээр тодорсон бол хоёр, гуравдугаар байрт Баянзүрх дүүрэг, “Туулын том тулнууд” багууд шалгарсан юм. Харин охидын 13 насны ангилалд “Хан-Уул 41”, “Шинэ Яармаг” багууд хоёр удаа тоглож, тус бүрт тооны харьцаа 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор 4:2 харьцаагаар “Хан-Уул 41” баг тэргүүлэв. 

Тэмцээнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж,  хүүхдэд зориулсан “Маамуу шүүс” брэнд бүтээгдэхүүн, “Хаан банк-Яармаг”, цахилгаан, сантехникийн “Хүрд” компани, “Орем трейд” ХХК, “Пирамид Индастри” ХХК, Хан-Уул дүүргийн 5-р хороо зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна.

Видео бичлэг

Мэдээтэй холбоотой сэдвүүд: хөлбөмбөг шинэ яармаг клуб

Нийтлэгдсэн: 2015-08-25